2021.08.03
Карантинд сууснаас хойш бараг нэг жил боллоо. Гэртээ хүүхдээ хараад эхнэрээрээ тэжээлгээд ёстой баларч байнаа. Австралийн засгийн газрын тэтгэлэгт гурав дахь удаагаа материалаа өгөөд тэнцсэнгүй. Өнгөрсөн хоёр удаад материалаа муу бэлдсэн тул тэнцэхгүй нь бараг тодорхой байсан. Гэхдээ энэ удаагын арай өөр байсан. Учир нь надад маш сайн зөвлөгөө өгдөг хүн гарч ирсэн. Тиймээс энэ удаагых маш өндөр найдлаг тавьж байсан хэдий ч бас л азгүйтлээ. Гэхдээ бодоод байхад тэнцээгүй нь ч дээр, мөн тэнцэхгүй маш том шалтгаан байсныг нь олж мэдлээ. Тэр нь юу вэ гэхээр би зөвхөн мөрөөдлөө л бичээд байсан. Гэхдээ энэхүү мөрөөдөлдөө хүрэх ямар ч алхам хийгээгүй тул тэтгэлэгийн багийнхан намайг хоосон мөрөөдөгч л гэж харсан тодорхой. Саяхан машин барьж байх үедээ сонссон нэгэн подкаст дээр томужин академийн үндэслэгч Батжин гэх залуугийн яриа энэхүү дүгнэлтийг хийхэд хүргэсэн юм. Тэрээр хэлэхдээ азийн соёл, барууны соёлын ялгааг тэтгэлэг дээр ярьж байсан. Азиуд бол ихэвчлэн тухайн оюутны академик ур чадвар дээр нь үндэслэн тэтгэлэг олгодог бол барууныхан тухайн оюутны идэвх, санаачлага болон зорилгодоо хүрэхийн тулд ямар ямар арга хэмжээ авсан зэргийг үндэслэж тэтгэлэг олгодог гэж байсан. Энэ нь ч бараг үнэн болж таарлаа. Учир нь надтай хамт энэ жилийн Австралийн тэтгэлэгт бэлдэж байсан үе тэнгийн охин хэдийгээр надтай ижил карьер шилжилт хийсэн ч гэсэн шинэ карьераа аль хэдийн эхлүүлчихсэн төрөл бүрийн сургалт, арга хэмжээнд оролцдог нийгэмийн идэвхтэй нэгэн байсан. Товчоор бол мөрөөдлөө хоосон дурьдахын оронд энэхүү мөрөөдөлдөө хүрэх ямар нэгэн арга хэмжээг аваад эхэлчихсэн байсанд л бид хоёрын гол ялгаа байна гэж би харж байна. Ийм ч үүднээс тэр Австралийн тэтгэлгийн нэгдүгээр шатыг амжилттай давч ярилцлагад уригдсан. Энэ нь надад маш том сургамж боллоо. Одоо би илүү нийгмийн идэвхтэй байж өөрийн зорилгоо биелүүлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй юм байна.
Comments
Post a Comment